Тогосны өд хөх, ногоон, алтлаг болон хүрэл гэсэн гайхамшигтай өнгөнүүдээс бүрдэнэ. Түүнчлэн толгой дээрээ өднөөс бүрдсэн титэм болох “залаа”-тай байна. Гэсэн хэдий ч хэн хүний анхаарлыг тогосны урт сүүл татдаг. Сүүлнийх нь өд бүр үзүүртээ хөх бор өнгийн тойрог бүхий толботой байдаг нь яг л нүд шиг харагддаг. Эр тогос эм тогосны анхаарлыг татахын тулд бүжиг бүжнэ. Уг бүжгээ мөн л нөгөөх гайхалтай сүүлээ ашиглан бүждэг. Тогос сүүлээ өргөн дэлгэхэд яг л дэвүүр мэт болдог.
Ийм маягаар өөрийн бүх өдөө ил гаргана. Бүжгийнхээ төгсгөлд эр тогос сүүлнийхээ өдийг чичигнүүлэхэд сүүлнийх нь урт урт өднүүд шуугиж шаржигнана. Энэ үед эм тогос аль хэдийн эр тогосны бүжигт автаж орхисон байдаг. Эм тогосонд урт сүүл эсвэл залаа гэж байдаггүй. Тэд бор ногоон өнгөтэй ба биеийн хэмжээ нь бараг л эрэгчинтэйгээ адил байдаг.
Тогоснууд Өмнөд Азийн зэрлэг нутгуудад амьдардаг гургуулийн төрөлд багтдаг амьтад юм. Хоёр гол төрлийн тогоснууд байдаг нь ногоон буюу Яванез, хөх буюу Энэтхэг тогос юм. Ногоон тогос ихэвчлэн Ява арал дээр эсвэл Мянмарт оршдог бол хөх тогоснууд Энэтхэг болон Шри Ланкд амьдарна. Гэхдээ эдгээр үзэсгэлэн төгс шувуудыг дэлхийн амьтдын хүрээлэнгээс харах боломжтой. Эрт цагт хүмүүс тогосыг тэжээвэр амьтан болгон тэжээдэг байжээ. Эртний Грекчүүд тогосыг “Херагийн шувуу” хэмээн нэрлэдэг байв. Эртний Грекийн шашинд Хера нь Зевс бурхны эхнэр, тэнгэрийн бурхан, диваажингийн хатан хаан гэгддэг байв. Хуучны зохиолд тогосны өдөн дээрх нүдэн хээг аварга Аргусын 100 нүд хэмээн тэмдэглэсэн байдаг ажээ.
0 comments:
Post a Comment